xvv
Ерөөл бэлгэдэлгүй дуунууд

Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.

Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.

Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.

Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй бадагтай болгожээ. Үгийг нь сайн ажвал

…Заагаад хийсэн зандан ширээ нь
Заадсаар салахыг үзээгүй билээ
Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных билээ"


гэж эхнэртээ тунирхаж, гэрээсээ дайжсан эрчүүдийн дуу болох нь мэдэгдэнэ. Иймд энэ дууг найз нөхдийнхөө дунд биш, эхнэртээ эрхэлж дуулбал зохилтой.

Талын зэрэглээнээс болж тарвага гөрөөсийг намнах гэж байгаад тарваган дээлтэй дүүгээ ташаарч харвасан ахын тухай “Шалзат баахан шарга”-ыг найран дээр лав дуулж болохгүй.

Нэгэн баяны 33 адууг хэрхэн хулгайлснаа ярих Хүүхэн хутагтын зургадугаар дүр Найдансүрэнгийн “Бор борын бялзуухай” ч бэлгэ ерөөлгүй.

Энэ мэт чихнээ ирэх сонсголонг ерөөл бэлгэдэл, утга юутай нь харьцуулж, тунгаан дэнслэхийн чухлыг эрхэм та анзаарсан биз ээ!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Үгнээс хүчтэй аялгуунд хулхидуулсан сонсогч” өгүүллийн хэсгээс

Эх сурвалж: https://news.mn/r/757282/
 
...

Найр наадмын цагт Монгол дууны урлагийн нэг сонгодог хэлбэр болох уртын дуугаар ая барьдгийг чухамдаа хурим найрын цагт идээнийхээ аль сайныг таваглаж, архи айрагныхаа аль шимтэйг сөгнөдөгтэй адилтгаж болох юм. Уртын дуу, ялангуяа айзам уртын дуу нь дуулаачаас дуу хоолойн чадвар, дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаарддаг. гэхдээ найрын гурван дуутай, наадмын гурван даваатай байхыг Монголчууд эрхэмлэдэг.

Найран дээр салж хагацсан, гуниж гутарсан дуу дуулж болохгүйг ихэнх хүмүүс мэддэг ч үгийг нь анзаарахгүйгээр дуулчих тохиолдол бий. Цээрлэдэг дуунд "Эрүү цагаан болжмор", "Хулсан ташуур", "Шалзат баахан шарга", “Хар торгон хамжаар” зэрэг ордог. Мөн найр эхлүүлэх, найр жаргаах дуу гэж бий. "Түмэн эх", "Хэрлэнгийн баръяа", "Жаргалтайн дэлгэр", "Таван эрдэнэ" зэрэг дуугаар найр эхлүүлнэ. Хуриман дээр Хэнтий, Дорнод чигийнхэн "Хөөрхөн халиун" -ыг даяараа дуулдаг, харин хойд зүгийнхэн дунд "Хүрэн толгойн сүүдэр" -ийг шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү дуулдаг. “Хөөрхөн халиун”, “Үлэмжийн чанар”, “Ганган хул”, “Дөрвөн настай халиун” болон нийтийн дуунуудыг хуриманд дуулахад тун зохимжтой гэж үздэг. Гэхдээ нутаг нутгийн ёс өөр байж болохыг анхаарууштай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Нутаг нутагт өөр байхаа. Манай нутагт бол:
Дааган дааганы харыг архи нэхэхэд
Жаахан шаргыг найр өндөрлөхөд дуулдаг
Эр бор харцагыг хуримын альваа ёслолд цээрэлдэг
Шалзат баахан шаргыг ямарч найран дээр дуулдаггүй гэх мэт....






Чой (зочин) хэзээ бичсэн: 2023-04-17 16:29 | |



:-)