Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө
Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай
Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ
Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.
Арын ууланд явж байхдаа
Аргал гөрөөсийг намнаж явлаа
Аргалан дээлтэй дүүгээ би чинь
Андуу хараад намначихлаа
Адилхан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.
Дүү нь:
Ус нь үгүй газар
Улиас яагаад ургав
Улс нь үгүй газар
Хоёулаа юунд ирэв.
Хад нь үгүй газар
Хайлаас яагаад ургав
Хань үгүй газар
Хоёулхнаа яах гэж явав даа
Марлан арьсан малгай минь
Магад аминд хүрэв үү
Ах нь:
Ар нь үгүй газар
Аргал юундаа байдаг вэ
Амьтан үгүй газар
Хоёулаа юунд явлаа даа.
Уул нь үгүй газар
Ус нь юундаа байдаг вэ
Улс хүнгүй газар
Хоёулаа юундаа явлаа даа
Шагайж харвасан нүдийг минь
Шаазгай тонших нь яав даа
Хэтрүү харсан нүдийг минь
Хэрээ тонших нь яав даа
Угзран атгах гар минь
Хатаж унах минь яавдаа
Зөрүү хараатай буугий минь
Зэв идэх нь яав даа.
Дүү нь:
Алаг жороо морийг минь
Ах минь та аваарай
Аминаас холдоогүй сүнсээ
Аав ээждээ даатгая
Ганган шарга морийг минь
Галын хүнд өгөөрэй
Ган төмөр хэтийг минь
Ганц хүүд минь өгөөрэй
Цусан зээрд морийг минь
Цулбуурыг нь битгий чиргүүлээрэй
Цустай цагаан цамцыг минь
Ээжид битгий үзүүлээрэй.
Айлын хүн ажигч шүү
Аятайхан авч очоорой
Гэрийн хүн гэгэлгэн шүү
Гэнэт битгий дуулгаарай
Хонины хүн ховч шүү
Холуур холуур яваарай
Саахалтын хүн сахиул шүү
Санаагаа битгий хэлээрэй
Аргалын хүн ажигч шүү
Алсуур алсуур очоорой
Галын хүн гасалган шүү
Ганцаараа битгий дуулгаарай
Аавыг минь асуувал
Айсуй гэж хэлээрэй
Ээжий минь асуувал
Ирнэ гэж хэлээрэй
Улаан цурман хүүхдүүдэд минь
Увуу цувуу хэлээрэй
Угаас хайртай эхнэрт минь
Урьтаж битгий дуулгаарай
Холбоотой нийтлэл: Ерөөл билэгдэлгүй дуунууд