Чив чимээгүйн дундах ганц одыг ширтэн
Чилсэн бодлоо сэрээж онгодоо би дууддаг
Таллаж барьсан үзэг цагаан цаасан дээр бүжиглэхэд
Талын монголын амьдрал шүлгэн дотроос амилдаг
Агтаа манаж хээр хоносон хүдэр эрсийн
Алиалж наргих нь толгой холбосон шүлэг байдаг
Үр ачдаа захиж үлдээдэг өвгөдийн ерөөл нь
Үнэнийг өгүүлж сүүл холбосон шүлэг байдаг
Хөндийн салхинд хацраа илүүлж хат суусан
Хүн чулууны энгэрт хатуу үгтэй шүлэг байдаг
Төрийн их хасбуу тамганы үлдээх дардасанд
Түмнээ энэрсэн гүн утгатай шүлэг байдаг
Алтан дэлхийд Монгол нэрийг сэлмээр сийлсэн
Агуу хааны минь айлдсан сургааль нь шүлэг байдаг
Оршихуйг бүтээж өмхөрснийг биедээ шингээх
Орчлон өөрөө эцэс төгсгөлгүй шүлэг байдаг
Сүү шиг ариун бодлын үзүүрээс ургасан
Сүүдэр дайрвал хиртчих онгодын угаас дэлгэрсэн
Санаснаа хэлчих зүрхгүй миний л өмнөөс дуугарсан
Сарайж дурайтал бичсэн шүлгийн хэдэн бадаг минь
Ай, шүлэг минь шүлэг минь чи бид хоёр
Атан тэмээний хоёр бөх шиг ижилсэх тавилантай байжээ
Амь амьдралтай минь чи нэгэнт холбогдсон болохоор
Аргадаж л явъя даа, нэг нэгнийгээ...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Идрээд,
Манай blog.mn - ий Эгшиглэн блогт зочилсонд баярлалаа. Таныг би хаанаас энэ шүлгийг олж уншсаныг асууж болох уу, энэ бол цэвэр миний өөрийн шүлэг. Ийм зүйлийг баримттайгаар бичих хэрэгтэй.